Ирландын Үндэсний Их Сургууль болох Мэйнут нь 1997 онд “Их сургуулийн тухай хууль”-ийн дагуу Ирландын долоон их сургуулийн нэгээр байгуулагдаж өдгөө хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус их сургуульд одоогийн байдлаар 15,000 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд 20 гаруй орны 900 орчим ажилтан ажилладаг. 2009 онд Мэйнут их сургууль нь Times Higher Education-с явуулсан судалгааны үр дүнд дэлхийн шилдэг 500 их сургуулийн жагсаалтад орсон. Мөн 2008 онд The Sunday Times сэтгүүлээс "Оны шилдэг их сургууль"-аар шалгарсан. Түүнчлэн оюутнуудад төлбөрийн уян хатан нөхцөл, орчин үеийн стандартад нийцсэн сургалтын орчин болон чанартай боловсрол олгодгоороо онцлогтой. Нэмж дурдахад, Ирландын их сургуулиуд нь хот дотроо байрладаг бол Мэйнут нь цорын ганц хотхонтой их сургууль гэдгээрээ давуу талтай билээ.